Saturday, March 15, 2014



ААВ, ЭЭЖ ХОЁРЫН МИНЬ НУТАГ
Энгэрт нь эрхлэн өссөн уулын минь өвөр
Энэ миний л аав, ээж хоёрын минь нутаг

Элдсэн арьс шиг зөөлөн угтах нутгийн минь шороо
Энэ миний л аав, ээж хоёрыг минь хөдөөлүүлсэн бурхны орон

Сартай шөнөдөө дандаа зочилдог
Сайхан хоёрынхоо голомтыг эргэхээр би ирлээ
Багадаа өрөөлдөн нөмөрдөг буянтай хоёрынхоо дээлний
Буртагтай, саальтай үнэрийг нь санаад нулимсаа шингээх гэж би ирлээ

Зүүдэндээ дандаа л үздэг аав, ээж хоёрыгоо
Зүүн бүрдний зэрэглээнд саатан харахаар би ирлээ
Зүгээр байдаггүй хорвоог зөөллөн аргадаж хоцорсон талын тэнгэр
Зүс нь үл үзэгдэх ч цэгээн чулуунд нь мөргөхөөр би ирлээ

Та хоёрыгоо байхад нутаг минь
Тал нь дүүрэн байдаг гэж бодоогүй явж
Таанын толгой ишин дээрээ гунхаад
Тараг айраг цатгалан исдэг гэж мэдээгүй явж

Зүлгэж эрхлүүлдэг хөх салхиндаа
Зүгээр л нэг илбүүлэх гэж би ирлээ
Зүс нь ижил хоёр шаргаараа
Зүүн, баруун цүүрээрээ бууж мордох гэж би ирлээ

Илж урсдаг цүүрийнхээ өлөнгөөр
Ижилсэж их л хөл нүцгэн гүйсэндээ
Ээжийнхээ хийж өгсөн цэнхэр даашинзаар
Энгэрийн цэцэгстэй ихэрлэж зөндөө л гоёсондоо

Цэлийсэн тал, уул, усаа хараад
Цэгцэрч өгдөггүй бодлоо эмхэлж авах гэж би ирлээ
Цэлэлзээд ирдэг нулимсаа унагааж, зөөлхөн аргадуулахаар
Цэцэгт нугынхаа буурлуудад золгох гэж би ирлээ

Эвийдээ миний аав, ээж хоёрын минь нутаг
Энгэр шигээ дулаахан байсандаа
Эмзэглэж хатсан элгээ дэвтээх гэж ирэхэд
Ээх нарны илч нь дутуу санагдаад болдоггүй ээ

Энэ ч аргагүй шүү дээ, хэндээ ч буруугаа өгөхөв
Элээх оймсны тоо дуусаагүй та хоёр минь байхгүй
Эргээд ирэх ч биш, эргүүлээд босгочих ч биш
Эмээгийн гарт дахь эрих шиг он жил эргэсээр л үлдлээ

No comments:

Post a Comment