Хааяахан би
Мөрөн дээгүүрээ алчуураа
Хайш яайшхан шидчихээд
Хажууд юу болж байгааг
Огтхон ч анзаарахгүй
Хэнэггүйхэн, гэнэгүйхэн
Хотынхоо гудамжаар алхах дуртай
Хүрэмнийхээ энгэрийг бүр
Зөрүүлж товчилсон ч яахав...
Хажуугаар зөрөх хүмүүс
Шоолсон ч яахав ээ...
Хамаагүй ээ...
Хэсэгхэн ч гэсэн энэ давчуу орчлонг
Түр мартаж
Хүнд хэцүү амьдралаас
Тасран алхахыг хүснэм
Дээрээс бороо орвол ч орог
Дэгжирхэх шүхэр ч хэрэггүй
Хээнцэрлэж будсан сормуусны будаг
Хайлж урсвал ч урсаг
Хацар гоодсон оо энгэсэг
Халтайж арилсан ч яахав...
Хамаагүй ээ...
Таньдаг хүн таарсан ч гэрэвшилгүй
Танил гудмаар тоохгүй алхалнаа
Хэсэгхэн ч гэсэн энэ амьдралыг
Түр мартаж
Хэрэн хэсэж сэлгүүцэхийг хүснэм
Хааяахан би
Хамаагүй баймаар байдаг
Төрөхөөс эхлээд өнөөдрийг хүртэлх
Хиймэл бүхнээс татгалзаж
Өөрийнхөөрөө л баймаар байна
Илүү юмгүй...
Энэ орчлонд ижийдээ ирэхдээ
Цагаанхан санаа, цайлган сэтгэлтэй
Амьтанд хоргүй, жаахан хүүхэд
Гуниж гутрахыг ч мэдэхгүй
Шунаж ахихыг ч мэдэхгүй
Хөөрхөн охин байснаа санаад
Хааяахан би
Хамаагүй байхыг хүснэ...
Ганган хээнцэр даашинзанд минь бүү шуна
Гоёмсог үнэтэй бөгж зүүлтэнд минь бүү шуна
Гандирсын мод шиг биенд минь бүр ч бүү шуна
Ганцхан чамайг л гэж үхэж чадах сэтгэлд минь харин
шуна аа
No comments:
Post a Comment