Thursday, May 1, 2014

Одонорон сэтгэл судлал гэж юу вэ?

Одонорон судлал чинь тэгээд яг юу юм бэ?
Шинжлэх ухаан дотор одонорон судлал нь хамгийн хөгшин бөгөөд хамгийн олон янзын чиглэлүүдийг нэг дор цуглуулдаг нь. Физик, хими, биологи, геологи гэх мэт ихэнх байгаль шинжлэлийн томоохон салбарууд нь өнөөдрийн одонорон судлалын салшгүй хэсгүүд. Ерөнхийдөө дэлхийгээс цааш байгаа бүхий л байгалийн үзэгдэлүүдийн учир начирыг нь олохыг зорин судална. Дэлхийгээс цааш байгаа зүйлс яагаад ийм байгаа мөн яаж түүхэнд болон ирээдүйд хувьсан өөрчдөгдөх вэ гэдгийг судална гэсэн үг.

Дээр “пилсоп” хэсэгт хэлсэнээс өөр бүр шууд маягийн шаардлагаар ч одонорон судлал нь чухал. Жишээ нь сансар огторгуй нь дэлхий дээрх хүний амьдралд шууд аюул заналхийлж болно. Хэрвээ бид манай нарны аймагт солир чулуунууд яаж нарыг тойрж яаж хувьсан өөрчлөгддөгийг нь судалж авахгүй бол 65 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүд шиг хувь заяа биднийг угтана. Хэрвээ бид одод яаж хувьсаж өөрчлөгдөгийг сайн судалж авахгүй бол наран дээр ер бусын хүчтэй дэлбэрэлт гарах ч юм уу эсвэл манай нарны аймгийн ойр орчимд аврага од дэлбэрхэд дэлхий дээрх амьдралд шууд муугаар нөлөөлнө. Тиймээс одонорон судлал нь хүнд илүү нимгэн зурагт эсвэл илүү амттай хоол өгөхгүй ч түүнийг судалж байх нь хүний оршин тогтнолтой холбогдох чухал зүйл.
Одоноронч хүн энэ бүгдийг тэгээд яаж судалдаг юм бэ?
Мэдээж бүр эрт дээр үед бол хүмүүс дан нүдээрээ энэ тэнгэрт харагдах үйл явцуудыг ойлгож учир начирыг нь олохыг оролдож байсан. Өглөө бүр нар зүүнээс мандаж орой бүр шингэдэг, зарим өдөр нь урт зарим нь богино, сар орой бүр өөр өөр цагт мандаж жаргана бас орой бүр өөр өөр хэлбэртэй байна. Тэнгэрт одод алс хол хөдөлгөөнгүй мэт харагдах боловч, сар улирал солигдох явцад ододын байршил нь өөрчлөгдөнө. Тэдгээр ододыг удаан хугацааны турш сайн ажиглавал бүгд хөдөлгөөнгүй биш байх бөгөөд зарим нь бусадтайгай харьцангуй хөдөлж тэнэж яваа харагдана. Гэх мэт ийм энгийн боловч нухацтай ажиглалтуудыг эртний одонорончид хийж, нар сар улирал солигдох мөчлөгийг сайн ойлгож, цаг тооны бичигийг зохиож цаашлаад манай нарны аймгийн бүтэцийн тухай ойлголтыг олж авсан. Энэ процесс нь олон зуун жилийн турш маш удаанаар үргэлжилсэн бөгөөд ердөө л 400 жилийн өмнө хүн анх удаа маш болхи жижиг дурангаар тэнгэрийг ажигласнаа тэмдэглэж авч, мөн манай нарны аймагийн гаригууд нарыг тойрдог юм байна гэдгийг ойлгосноо зарлаж байв. Энэ үеэс хойш нэг талаас дурангууд сайжирч илүү их нарийн зүйлийг ажигладаг болж, нөгөө талаас физик математик хөгжиж эдгээр ажиглаж байгаа зүйлсийнхээ учир начирыг нь нарийн ойлгож тунгааж эхэлсэн.
19р зуунаас эхлэн үйлдвэрлэлийн хувьсгалыг даган технологи асар их хурдтай сайжирч эхэлсэн. Үүнийг дагаад 20р зууны дунд үе гэхэд энгийн жижиг дурангаар нүдээрээ харж судалгаа хийдэг үе бүдгэрч эхэлсэн бөгөөд 20р зууны дунд үе гэхэд одонорон судлал маань аль хэдийнэ нилээн нарийн мэргэжил болчихсон байв. 18р зуунд чи нэг номын санд нэг жил яс суугаад худалч хүнд дурын чиглэлийн нарийн мэргэжилтэн болох бололцоотой байсан бол өнөөдөр мэргэжилийн одоноронч хүн судлах зөв асуултаа олохын тулд 10 гаруй жилийг сургуульд сурж өнгөрөөж байна.
Хэлэх гээд байгаа юм маань  ихэнх хүмүүсийн бодоод байдаг шиг одоноронч гэхээр шөнө од нүдээрээ дурандаад сууж байдаг ажил биш юм. Тэр үе нь олон жилийн өмнө өнгөрчихсөн, өнөөдрийн одонорон судлал нь физик, хими, биологи, геологи гэх мэт салбаруудын уулзах цэг нь болсон динамик ойлголт.  Нэг талаас физикийн нэг том салбар ухаан гэж харж болох тул математикийн боловсрол одоноронч хүнд маш чухал, мөн дээрээс нь өнөө үед цахим технологийн чадварууд нь зайлшгүй шаардлага болсон байна.
Товчхондоо бол өнөөдрийн одоноронч хүн инженерүүдтэй хамтран сансарт дуран төхөөрөмж хөөргөж, дэлхий дээр аврага дурангууд мөн тэдгээр дээр хэмжилт хийх төхөөрөмжүүдийг барьж, компьютерийн мэргэжилтнүүдтэй хамтарч нүсэр сүперкомпьютерүүдийг угсарж мөн тэдгээр дээр тооцооллол хийх нүсэр програм хангамжуудыг бүтээнэ. Нөгөө талаас математикчидтай хамтран эдгээр аврага дурангийн хэмжилт болон компьютеруудын тооцоололыг дүрслэх физик онолыг бүтээнэ. Эдгээрүүдийг гүйцэлдүүлхийн тулд дундаж одонорон судлаач хүн өдрийн 90%-ийг програм бичиж тооцооллол хийж, харин үлдсэн 10%-ийг нийтлэл бичиж өнгөрөөнө.
Цаашдаа мэргэжилийн физикч одоноронч болох мөн ер нь шинжлэх ухааны мөр хөөх сонирхолтой хүмүүст зориулан доорх нийтлэлийг бичсэн байгаа:
Одонорон Сонирхогч
За одоо яг гол юмандаа ороё. Тэхээр энэ ертөнцийн гайхамшигтай хачиныг биширхийн тулд хүн заавал энэ дээр дүрсэлсэн “уйтгартай” мэргэжилийг сонгох албагүй. Хэн бүхэн үүнийг сонирхож болно, энэ блогийг гол зорилго нь ч тэр мэдээж мэргэжилийн Монгол одоноронч бэлдэх биш харин Монголд энэ шинжлэх ухааныг дэлгэрүүлэх хүмүүст таниулахад оршино.
Та нэг өдөр зурагтаар одонорны тухай нэвтрүүлэг үзээд ч юм уу, ном зохиол уншаад эсвэл зүгээр таны толгойд хаанаас ч юм дэлхийгээс цааш юу яаж байдгийн бол гэсэн сониуч хүсэл төрсөн байж. Хэлтэй устай боломж бололцоотой хүн бол тэгээд интернэтээр ухаад зөндөө олон сонирхсон зүйлийнхээ хариултыг олж авч сонирхолоо баяжуулж болно, харин Монголд дундаж айлын Дорж хүүд яг хаашаа хандах хаанаас эхлэх нь тийм ч тодорхой бус.

No comments:

Post a Comment