Friday, March 7, 2014

Нүд чинь болно, Би \өгүүллэг\





Хүн гэдэг дурламтгай амьтан. Магадгүй энэ л чанар нь хүний амьдралыг илүү сонирхолтой, адармаатай бас утга учиртай болгож байдаг. Тэр дундаа эсрэг хүйстэндээ дурлаж түүнээсээ эерэг болоод бүтэлгүй хариу алийг нь ч хүлээн авсан байлаа амьдралынхаа дараагийн алхамыг олж харж цаашид амьдардаг.
Учрал дурлал бүхэн шинээр эхлэх өглөөтэй адил баяр жаргал, уйтгар гуниг, эрч хүч, нулимс гуниг алийг нь авчрахыг хэн ч мэдэхгүй.
Галаагийн сэтгэл ч мөн адил угтан ирэх хайр дурлал, сайхан учралыг хүлээж буй ч чухам хэнтэй учрахаа үл мэднэ. Их сургуулийн төгсөх дамжааны оюутан болохоор түүнд хийж амжуулах, санаа зовох асуудлууд мундахгүй. Сургуулий сайн төгсөөд боломжийн ажил олчих юмсан гэж хэрэндээ л хичээнэ.  Мэдээж залуу хүний хувьд сайхан бүсгүйтэй учирч, халуун хайрандаа умбаж, цаашлаад насан туршдаа хамтдаа амьдрах тухай бодсоор л яваа. Өнгөрсөн хугацаанд "хайртай" гэж дуу алдан өдрийн бодол шөнийн зүүд болж явсан учралууд цөөнгүй ч гэлээ бүгд л нэг ижил тавилантай богино хугацааны дурлалууд.
Номын их дэлгүүрт шинээр ирсэн номуудыг сонирхож байтал хажуунаас нь нэг эмэгтэй их л болгоомжилсон байдалтай:
- Уучлаарай та надад тус болохгүй юу? гэхэд нь Галаа гартаа барьсан номоо тавиурт нь буцаан тавингаа - За тэгье, яаж туслах уу? гэж асуугаад өмнөө зогсоо бүсгүйг ихэд шохоорхон ажлаа. Өөрөөс нь яльгүй намхан нуруутай, долгиотой хар үсээ задгай хаясан нь цагаан царайд нь ихэд зохижээ. Даруухан хирнээ цаанаа л нэг цэмцгэр хувцасалсан түүнийг харахад насны хувьд ч Галаатай чацуу гэж таамаглахаар. Харин тэр бүсгүйн зүүсэн нарны хар шилний цаанаас нүдийг нь олж харах гээд Галаа чадсангүй.
- Энэ хавьд Александр Дюмагын "Монте Кристо" зохиол байна уу? шинээр хэвлэгдсэнийг авах гэсэн юм гэж бүсгүйг эелдэгээр асуухад нь Галаа тавиур дээрх номуудыг гүйлгэн харснаа залуу бүсгүйн хайсан ном байхыг хараад яагаад ч юм баярлах сэтгэл төрлөө.
- Байна. Хоёрдахь тавиур дээр байна гэж хэлчихээд эргээд явах гэтэл нөгөө бүсгүй:
- Ашгүй дээ. Уучлаарай, Та надад аваад өгөөч тэгэх үү? гэж царайчлангуй гуйлаа. "Гараа сунгаад л авчих юм байж яасан сонин эмэгтэй вэ, надаар тоглоод байгаа юмуу хайшаа юм" гэж Галаа дотороо эгдүүцэн бодоод:
- Та өөрөө авчихгүй юу эрхэм бүсгүй гуай. Таны хүсэлтийг биелүүлээд байх завтай хүн би биш. Нүднийхээ өмнө байгаа номыг байна уу үгүй юу гэж надаар хайлагчихаад, гараа сунгаад авчихаар байтал заавал аваад өг гэдэг чинь надаар даажигнаад байгаа хэрэг биш үү? гэж дуугаа бага зэрэг өндөрсхийн хэлчихээд багшийнхаа хэлсэн номыг хайхаар дараагийн тасагруу алхлаа. Гэтэл ард нь " Зүгээрээ эгчээ, би өөр хүнээс асуугаад авчихая" гэсэн балчир хүүгийн дуу гарлаа.
Галаа их л гайхан нөгөө бүсгүй жаал хүү хоёрыг ажиглан зогслоо. Бүсгүйн хажууд хижээл насны эмэгтэй ирэхэд мөнөөх л номоо асууж, аваад өгөхийг хүссэнд тэр бүсгүйн хүсэлтийг биелүүлсэнд бүсгүй жаал хүүг дагуулан хайсан номоо гартаа чанга атгаад нүүрэндээ баяр тодруулан инээмсэглсээр кассруу очлоо. Номынхоо үнийг төлж, уутанд хийлгээд бүсгүй жаал хүүг хөтлөн дэлгүүрээс гарлаа.
Галаа тэднийг даган гудамжаар хэсэг алхлаа. Замд нь саад таарх бүрд жаалхүү бүсгүйд замчилна. Тэр хоёр их л хөгжилтэй яриа дэлгэн явна. "Тиймээ, энэ бүсгүй хараагүй юм байна. Юм хардаггүй болохоороо л түрүүнд надаас ном асуугаад байсан юм байна шүү дээ.Гэтэл би гэж тэнэг загнаж л байдаг. Тус болоход юу нь болохгүй байсан гэж. Би ч өөдгүй зан гаргажээ.Ямартаа ч уучлал гуйж, өөр зүйлээр ч болтугай туслая" гэж бодоод бүсгүй жаалхүү хоёрыг гүйцэн очлоо.
- Уучлаарай, түр хүлээгээч гэж Галааг хэлэхэд бүсгүй жаал хүү хоёр түр зогсоод цааш юу хэлэхийг нь хүлээлээ. Галаа юу хэлэхээ мэдэхгүй хэсэг түгдрэн байсанаа:
- Юу?!... түрүүнд намайг уучлаарай. Би түрүүнд өөрийг чинь ийм гэдгийг мэдсэнгүй муухай зан гаргачихлаа гэсэнд бүсгүй инээмсэглээд:
- Зүгээрээ, та угаасаа л намайг ийм гэдгий мэдээгүй шүү дээ, тэгээд ч заавал туслах албагүй гэж хэлээд эргэн алхлаа.
- Намайг Галаа гэдэг гэж Галааг хашиграх шахам хэлэхэд бүсгүй Галааруу эргэн:
- Галаа гэсэн үү?... намайг Заяа гэдэг гээд инээмсэглэн хэллээ.
Ингэж л тэр хоёр танилцаж, энэ л өдрөөс хойш Галаа хичээлээ тараад Заяагийнхруу гүйх болж. Ихэвчлэн тэд Заяагын өрөөнд элдэвийг ярилцан цагыг өнгөрүүлнэ. Хаяа нэг Заяаг гадуур авч гарахыг эмээ нь зөвшөөрөх үед кафед сууж, гадуур зугаална. Хайгаад байсан тэр л сайхан хайрыг олж авсанаа Галаа өдөр өнгөрөх тутам мэдэж байлаа. Заяагийн эелдэг дөлгөөн зан, ангийнх нь ганган охидоос дутахааргүй бие хаа, зүс царай, ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцах мэдлэг ухаан гээд бүх л зүйл нь Галааг улам бүр татсаар. Заяагийн эцэг эх нь охиноо хэнээс ч дутахгүй байлгах гэж хэрэндээ л хичээж, хөөрхөн жаал дүү нь эгчийнхээ нүд болж хаа явсан газар нь хань болно. Хөгшин ээж нь төвөгшөөлгүй харах мэлмийгүй ач охиндоо хүссэн номыг нь уншиж, хэлж зааж өгдөг байв.
Галаа Заяа хоёр Зайсан толгой дээр нар жаргахыг харан сууна.
- Галаа ?, нар жаргахаараа ямар өнгөтэй вэ? гэж Заяаг асуухад, Галаа тэнгэрийн хаяаруу их л анхааралтай ширтэж аль болох сайн дүрслэн хэлэхийг хичээнэ.
- Улаан шар гоё өнгө үү? Ингэхэд чи ямар өнгөнд дуртай вэ? гэж Заяа дахин асуулаа.
- Цэнхэр өнгөнд дуртай. Харин чи ? гэж Галааг эргүүлэн асуухад Заяа уртаар санаа алдаад:
- Би ягаан, цагаан, цэнхэр... мэдэхгүй юмаа. Хэрэвээ шидтэнтэй нэг л удаа уулздаг юм бол намайг нэг минут ч болтугай бүхнийг хардаг болгоод өгөөч гэж гуйна аа. Тэр хугацаандаа аав, ээж, эмээ, дүү бас чинийхээ царайг сайн гэгч нь тогтоон хажр авна. Бас бүх өнгийг харж авна. Тэгээд дахин хараагүй болсон ч нэгэнт бүх өнгийг мэддэг болсон хойно чиний ярих бүхнийг сэтгэлдээ дүрслэн хараад байж чадна. Цагаан хар өнгө л гэнэ. Би нэг ч удаа хараагүй болохоор сэтгэлдээ ургуулан бодож чадахгүй юм даа. Нар мандах, жаргах, шөнийн одтой тэнгэр, дэлбээгээ дэлгэх цэцэгс гээд бүгдийг нь нэг удаа ч болов харах юмсан гэв. 
Үүнийг сонсоод Галаагын сэтгэл тийм гэхийн тэмдэггүй догдолж, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирлээ. Хайртай бүсгүйгээ энгэртээ чанга гэгч нь тэвэрлээ. Тиймээ, би чинийхээ нүд болж, насан туршдаа зөвхөн чамайгаа л хайрлах болно. Хүн нүдээрээ бус сэтгэлээрээ хайраа олдог юм.

No comments:

Post a Comment